Sunday, July 31, 2011

Уул уурхайн компанид ажилласан чинь....

Миний бие өмнө нь Хятад компанид ажиллаж байсан бөгөөд 2009 оны 9-р сараас нэгэн Монголын уул уурхайн компанид орж ажиллаж эхлэв. Ингээд энэ 2 жилийн хугацаанд нилээд их зүйл мэдэж авлаа. Тэр талаараа ажиллаж эхэлж байгаа, тэр тусмаа олон улсын худалдаа чиглэлээр ажиллах гэж байгаа залуучуудтайгаа санал бодлоо хуваалцах гэж энэ жаахан зүйлийг бичиж байна.

Хятадад төгсөөд ирсэн төгсөгчид Хятад байгууллагад орж ажиллах уу Монгол байгууллагад орж ажиллах уу гэж бодож байвал хэрэв та Монгол хүн бол Монгол байгууллагадаа ажиллаж үзэхийг зөвлөж байна. Учир нь Хятадууд бидний Монгол хэлийг л ашиглахыг боддог. Биднийг сургаад итгэл найдвартай өөрийн талын хүн болгоё гэж ерөөс боддоггүй, итгэл найдвар байхгүй тул ирээдүй бас бага л гэсэн үг. Харин Хятад байгууллагад та дураараа шахуу, чөлөө зав ихтэй, бага юм хийгээд их цалин авч байгаа юм шиг санагдах нь ойлгомжтой. Ингээд нэгэн хувийн хэвшлийн уул уурхайн компанид ажиллаад олж авсан туршлагаа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

Би энэ уул уурхайн компанид ороод өмнө нь Монгол байгууллагад ажиллаж үзээгүй бас танихгүй орчинд болоод ч тэрүү жаахан сандардаг л байлаа. Ер нь хүн томоор сэтгэвэл том амжилтанд хүрдэг шиг байна. Харин уул уурхайн салбар бол томоор сэтгэх шаардлагатай салбар. Зүгээр нэг нүүрс зарах гэж байгаа зүйл биш. За ингээд ажилд ордог эхний өдөр Хятадаар урилга бич гэсэн заавар өгөхөөр нь тийм компанийн ийм хүнийг манай компанид ирэхийг урьж байнаа гээд биччихсэн чинь нүүр нүдгүй загнуулав. Ингээд л эхний өдрөөсөө авахуулаад суралцаж эхлэв.

Нэгдүгээрт, Хамгийн сайн ойлгосон зүйл бол шийдвэр гаргах түвшний удирдлагын хүнтэй ойрхон ажиллах маш их туршлага цуглуулж чаддаг, бас кариер ахихад чухал, бас дээрээс нь өөртөө ч сэтгэл хангалуун байдаг юм байна. Тэгэхээр та шийдвэр гаргах түвшний хүнтэй л харьц, дундаа өөр менжер зэрэг хүнийг оролцуулах ямар ч шаардлага байхгүй. Учир нь шийдвэр гаргах түвшний хүмүүс бүгд шилдэг менежерүүд байдаг, тэднээс сурах зүйл ихтэй, тэд хамгийн хурдан, хамгийн ухаантай нь байдаг.Тэгэхээр та ч гэсэн тийм л болно гэсэн үг.

Хоёрдугаарт, Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулгын тал дээр маш сайн анхаарч бас суралцах хэрэгтэй. Албан бичиг, тайлан байнга бичих хэрэгтэй учраас энэ бэлтгэлээ хангасан бол мэдээж илүү оноо авна, бэлтгэлээ хангаагүй бол сайн суралцах хэрэгтэй. Мөн гадаад хэл бол таны заавал эзэмших зүйл. Монголд л гэхэд яг ижилхэн чадвартай хүмүүс нэг нь гадаад хэл эзэмшисэн, нөгөө нь эзэмшээгүй байхад цалингийн ялгаа 1 сая төгрөг наад зах нь байх жишээтэй. Тэгэхээр манайхны хамгийн их гаргадаг зүйл бол албан бичиг дээр юм, билээ, бөлгөө гээд найраглал биччихдэг. Бас агуулгаа логик дараалалгүй хаа хамаагүй бичдэг.

Албан бичгийн орчуулга тал дээр утгыг нь дөхүүлээд дөхүүлээд орхичихдог. Яг бигээр харилцаж байгаа тохиолдолд яг одоо болон одоо гэдгийн ялгаа цаад талдаа маш өөрөөр очдогийг маш сайн анхаарах хэрэгтэй. Монголоор дарга чинь гарын үсэг зурсан бичиг Хятад, англи дээр яг ижил байх шаардлагатай, тэгэж байж л дараагийн алхам тодорхой болох тул мэдэхгүй зүйлээ мэддэг хүнээс нь асуугаад заавал тухайн утга, агуулгыг нарийвчилан гаргах хэрэгтэй.

Гуравдугаарт, хувийн зохион байгуулалт их чухал. Аль ч газрын захирал дарга нар бусдаас эрт ирж, бусдаас орой ажилаасаа тардаг гэдгийг та анзаарсан уу. Тэгэхээр та хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Жишээ нь уулзалт дээр заавал тэмдэглэлийн дэвтэр, үзэг, нэрийн хуудасыг байнга биедээ авч явахаас гадна, суух алхаа гишгээ, эрэгтэй бол гутлаа арчисан эсэх, эмэгтэй бол хумс хуруу, нүүр царай гээд бүгдийг анхаарах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Томилолтоор явж байгаа үедээ хэрэгтэй байж болох бүх бичиг баримтыг файлаар авах, уулзалтын өмнө хуучин ярилцаж байсан бүх мэдээллийг сэргээж харах хэрэгтэй болов уу. Томилолтоор явж байхад эрэгтэй хүмүүсийг архиар шахах явдал элбэг, энэ үед эхнээсээ л татгалзвал сайн, үгүй бол дараагийн удаа үгүй гэх эрхгүй болно гэсэн үг. Томилолтоор явж байх үедээ цүнхэндээ утасны цэнэглэгчээ байнга хийж явж бай. Гадаад дугаараа цэнэглэхээ бас мартав аа. Эс бөгөөс дуудлага хүлээж авч чадахгүй. Мөн орой бүр тайлангаа хийж байвал танд ч амар, Монгол дахь ажлын хүмүүс чинь ч сэтгэл хангалуун байна.

Хэрэв та эмэгтэй бол хамт томилолтоор яваа эрэгтэй хүмүүстэй ямар ч тохиолдолд зай барих нь зүйтэй. Хэрэв Хятадад томилолтоор явж байгаа бол Далай ламын зурагтай сонин зэргийг буудалдаа орхиж болохгүй. Юмыг яаж мэдэх вэ юманд орооцолдох ч юм билүү. Мөн тухайн зорчиж буй орны ёс заншил, соёлыг сайн судалж, байнга хүндэлж бай, олон хүнтэй танилцаж өөрийгөө сурталчилж бай.

Тавдугаарт, Гэрээ хэлэлцээрийн үед урьдчилаад стратегиа боловсруул. Тэгээд хэлэлцээрийн явцад өөрийгөө хамгаалж болох бүх үг өгүүлбэрийг толгойдоо болж өгвөл цаасан дээр буулга. Тэгээд өөрийнхөөрөө үзэлцээд л бай, бүр болохгүй бол уурлаад гарч явж ч болно, гэртээ харилаа гээд онгоцны тийз захиалж өгөхийг хүсч ч болно. Бүр болохгүй бол түр завсарласны дараа дахиад эхлүүлэх хэрэгтэй. Эцэст нь таны зорилго бол хүссэн заалтандаа хүрэх явдал, зорилгодоо хүрэхийн тулд дуулах, уйлах, уурлах, тэр ч байтугай нугарч байсан ч сонин биш. Тэгээд хэлэлцээрт хүрч л таараа, түүний дараа бүх ярьсан хэлсэн зүйлийг гэрээндээ оруулж чадвал та амжилтанд хүрлээ гэсэн үг. Харин зарим нэг зүйлийг мартаад дараа нь ярилцаад хоёр тал зөвшөөрвөл шууд цаасан дээр албан бичгээр ч болов авах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь гэрээнээс бусад бүх зүйл зүгээр л яриа, цаасан дээр бичигдээд тамгалсан гарын үсэгтэй зүйл л тохиролцсон заалтад ордгийг хатуу анхаар.

Техник импортоор худалдан авах гэрээн дээр анхаарах зүйл бол техник үзүүлэлтийг маш нарийн тохирох хэрэгтэй. Мөн үйлдвэрлэж гараад боомт дээр хүлээж авахаасаа өмнө заавал тодорхой үнийн дүнг үлдээх явдал. Үгүй бол замдаа гэмтэж хэмхэрлээ гэхэд мөнгөн дүн л үлдээгээгүй бол та худалдагч талаараа нөхүүлж чаддаггүй. Бас ашиглах зааварыг авах, сургалтыг авах хэрэгтэй. Үгүй бол тэд ямар ч гэмтэл гарлаа гэхэд та нар буруу ашигласан гэдэг үгээр амыг чинь таглана. Баталгаат хугацаа техник дээр өгөхдөө яг аль хэсгийг, хэдий хоногт засах гэдгийг нь заахгүй бол дараа нь энэ гэж хэлээгүй, тэр гэж ярилцаагүй гээд хэдэн сараар баталгаа өгөхгүй алга болно ш дээ.

Бас нэг чухал зүйл бол техник худалдан авалт хийхэд үнийн хямдыг нь хараад сонголт хийхээр тэдний сэлбэг нь маш их хэрэглээд дараа нь үнэтэй техникээсээ хэцүү болдог. Тэгэхээр худалдан авалт хийхээсээ өмнө хурдан элэгдэх сэлбэгийг сайн судлах нь зүйтэй.

За хуулийн талаасаа бол арбитрын заалт чухал байхаас гадна ихэвчилэн гэрээ байгуулсан газар шийдвэр гүйцэтгэдэг тул интернэтээр хийж байгаа гэрээний гэрээ хийсэн газрыг Улаанбаатар гээд бичиж байх нь зүйтэй.

Зургадугаарт, та өөрийнхөө хэрэгцээг дарга удирдлагууддаа байнга мэдрүүлж бай, тэгэж байж л та үнэд орно, хэрэгцээ шаардлагатай болно. Гэхдээ ингэж байгаа нь гээд гэнэт ажлаа тасдаад алга болж мэдээж болохгүй шүү. Гэхдээ хааяа чөлөө авч байх нь зүгээр л дээ. Тэр үед захиралууд чинь нээрээ чамгүйгээр ажил удаашраад байгааг ойлгоно, хувийн амьдралд чинь анхаарна.

Долоо, Хувийн байгууллага бол хувийн байгууллага. Юу гэсэн үг вэ гэвэл чамаас сайн хүн гараад ирлээ, чи хэрэгцээгүй боллоо бол маргааш нь шууд л чамайг халж чадна. Мөн чамайг ахиж дэвшиж байна уу, хаана ямар алдаа гаргах бол гэдгийг олон нүд алхам дутамд чинь харж байгаа тул хэрэв би энэ ажлаасаа гарвал яах вэ гэдгээ байнга бодож явах хэрэгтэй болов уу. Харин улсын байгууллага бол улсын байгууллага, та маш илт алдаа л гаргааг.үй бол байж л байна, харин таны ажил мэргэжилдээ ахиж байна уу эсэх нь ерөөсөө сонин биш.

Найм, мэдээж ажил хийж байгаа хойно загнуулна, гүтгүүлнэ. Энэ бүгдэд бухимдах хэрэггүй, амь биш заяа биш, та чадвартай л бол Монголд ажлын байр хаа сайгүй байгаа хойно. Тэр тусмаа манай уул уурхайн салбарын дарга нарын амнаас байнга л мал, тэнэг , п гэсэн үг урсана шүү дээ. Тэрэнд та зочирдох хэрэггүй. Учир нь тэд хөдөөгүүр үг хэлээрээ ойлгодоггүй малуудтай ажилласаар байгаад хотод орж ирээд бас бидэнтэй тэгэж харилцдаг юм. Гэхдээ та чадваргүй бол та өөртөө санаа зовж, өөртөө цаг гарган, бусдаас илүү ажилла. Гүтгүүлсэн бол бүх юм цаг хугацааны шалгуураар нотлогдоно.

Ес, та хүн юм хойно ажиллаж байтал ядрана, сульдана. Энэ үед ажлын цаг дууслаа л бол ажлаа бүү бод, гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөө. Ер нь ажилаа гэртээ авч ирж хийх нь тийм ч сайн зуршил гэж би бодооггүй. Тэртээ тэргүй таныг гэртээ ажилаа хийж байгаа гээд цалинг тань нэмдэггүй. Бас гэртээ ажилаа хийлээ гээд таны ажил дуусчихгүй. Тэгэхээр ажлын цаг дээр ажилаа хийгээд, бусад үед амрах нь зөв.

Арав. Хүн таныг авилгалдах гэж оролдоно. Энэ үед та эхлээд үгүй гэж хэл. Энэ бол ажлын этик гэдэг зүйл. Та авилгалыг авлаа бол сэтгэл түгшээд ажилаа хийж чадахгүй, тэгээд ч тийм мэдээлэл хэзээ нэг цагт тардаг учираас эхнээсээ татгалзсан нь дээр. Тэгээд татгалзсан тухайгаа даргадаа эвтэйхэн үед нь хэлвэл таны оноо нэмэгдэнэ. Хэрэв жижиг сажиг зүйл өгнө энээ тэрээ гэвэл авчих, тэр нээх гэмгүй, тэгээд авсан өгсөн талаараа харин хүнд ярих нь дэмий л байх.

Арван нэг. Авилгал өг гээд байвал, худлаа хэл гээд байвал яах вэ? Энэ үед даргынхаа талд жүжиглэх гээд буруу зүйл хийж огт болохгүй. Учир нь дараа нь хэрэгт орвол дарга чинь чамайг гээд нээх гүйгээд байхгүй. Тэгэхээр тийм зүйлээс шууд татгалзсанаараа та даргадаа муу үзэгдэхгүй. Харин ч чамайг үнэлнэ. Учир нь тэр бол даргын чинь шалгалт шүү. Одоо цагт үнэнч шударга, туйлбаргүй хүнийг Монголын бүх компани хайгаад өндөр цалинг тэдэнд л өгдөг юм. Тэрнээс муу цалин аваад гайгүй орлого олох аргаар хулчгар, чадваргүй хүмүүс л амьдардаг нь батлагджээ.

Арван хоёр. За тэгээд мэдэхгүй зүйл гарвал гэмгүй зүйл дээр бол мэдэхгүй ч байсан түрүүлээд хариулт өгчиж бай. Энэ таныг гүйлгээ ухаан сайтайг харуулж байгаа хэрэг. Харин чухал зүйлийг мэдэхгүй бол сайн асуу, ойлгоогүй бол дахин дахин асуухад буруудахгүй.

За ингээд одоогоор санаанд дээрхи зүйлүүд л орж байна, санаанд өөр зүйл орвол бичээд байнаа.

1 comment:

  1. Да да да.в таким случае были тоже у меня,когда я был работали на Китайскому инвестиционной фирму.Но сейчас мы уже Успели и ПОБЕДИЛИ ! Главным. не ужели мой друг.

    ReplyDelete