Tuesday, May 10, 2011

Бээжин хотын тухай


Бээжингээр аялах нь номоос

Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл, Хятадын шууд харъяа хотуудын нэг. Бээжин хот нь умардын тал газрын хойт хэсэгт 16800 км2 талбай эзлэн оршдог ба 13,082 сая хүн амтай, 16 дүүрэг, 2 тосгонтой бөгөөд эдгээрт хятад, хотон, манж, монгол зэрэг маш олон үндэстэн ястан оршин суудаг.
Бээжин хот 3000 жилийн өмнөөс буюу баруун Жоу улсын үеэс эхлэн нийслэл болсон түүхтэй. Харин Юан гүрний үед шинэ нийслэл хот байгуулагдан Дээд нийслэл гэж нэрийдсэн билээ.
Анх 1403 онд Мин гүрний Чензү хаан одоогийн Бээжин хотыг Жүди Бэйпин гэж нэрийдэж, 1421 онд нийслэлээ болгон Бээжин гэх болжээ. Түүнээс хойш Чин гvрэн ч Бээжинд нийслэлж байлаа. Дараа нь 1928 онд Хятад улсын засгийн газар Нанжинд нийслэлээ шилжүүлсэний дараа Бээжинг 1930 онд Бэйпин хэмээн нэрийдэж онцгой хотоор зарлажээ. 1949 оны 1-р сарын 31-д Бейпинг тайван замаар чөлөөлж, 10-р сарын 1-д Бvгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаар Бэйпинг буцаан Бээжин гэж нэрлэх болсон.
Бээжин хот бол хамгийн орчин үеийн томоохон нийслэлүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Орчин үеийн Бээжин хотод 2008 оны зуны олимпийн наадам болохтой холбогдуулан Бээжин хотын эдийн засаг нь маш хурдацтай хөгжин, ойрын жилүүдэд хотын үзэмж, шинэ барилга байгууламж маш олноор бий болж буй. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжин гадаад дотоодын аялалыг маш олон хэлбэр төрлөөр зохион байгуулах болсон.
Ингээд орчин үеийн Бээжин хотын тухай товч танилцуулья.
Газрын гадарга
Бээжин хотын баруун, хойт хэсгээр нь уул нуруу үргэлжилдэг бол, зүүн өмнө талаараа тал газар цэлийнэ. Уулархаг газар нь хотын нийт талбайн 62%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 500-1500 метр. Тал газар нь 38%-ийг эзэлдэг ба дундаж өндөр нь 44 метр. Нутгийн хамгийн өндөр цэг нь Дүн Лин шан уул далайн төвшнөөс дээш 2303м. Хотын баруун талаар нь Баруун уул, хойт талаар нь Ян Шан нуруу сүндэрлэдэг. Юүн Дин Хэ гол, Чао Бай Хэ гол, Умард татмал гол, Жvй Ма Хэ гол зэрэг томоохон гол мөрнүүдтэй ба тэд цааш урсан номхон далайд цутгадаг. Юүн Дин Хэ гол бол Бээжингийн хамгийн том гол юм. Бээжин хотын хамгийн том Ми Юүн цөөрөм нь Чао Бай Хэ голоос тасран үлдсэн юм.
Цаг агаар:

Төв сэрүүн бүсийн хагас чийглэг болон эх газрын хуурай уур амьсгалтай бөгөөд хавартаа төв азийн хуурай салхитай цаг ууртай бол, зундаа чийглэг бороорхог, харин намартаа цаг агаар нь сэрүүсэн, өвөл нь чийглэг хvйтэн боловч зөөлөн уур амьсгалтай байдаг. Хавар намартаа хэвийн тогтуун уур амьсгалтай. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан хаврын улиралд шороо, элсэн шуурга шуурах нь элбэг болсон. Иймээс намрын улиралд Бээжингээр аялахад хамгийн тохиромжтой бөгөөд тэр дундаа хамгийн тохиромжтой үе нь 5, 9, 10-р сарууд юм.
Агаарын дундаж хэм нь жилд 10-120С бөгөөд 1-р сард хамгийн хүйтэн буюу дундаж хэм нь -4.60С, 7-р сард хамгийн халуун байх ба сарын дундаж хэм нь 26.10С, өдөртөө 300С-аас дээш халах нь байдаг. Жилийн дундаж хур тундасын хэмжээ 640мм, манай улсаас харьцангуй чийглэг уур амьсгалтай. Жилийн бороогүй өдөр нь 180-200 хоног, цэлмэг байх хугацаа нь жилд 2000 гаруй цаг буюу 83 гаруй хоног байдаг.
Хөдөө аж ахуй
Ихэвчлэн хоёр жилд гурван удаа үр тариа, ургац авдаг. Буудай, эрдэнэ шиш, тутрага, төмсний таримал, шар буурцаг зэргийг тариалдаг. Хотын иргэд хүнсний ногоо тарьж, дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Жимс жимсгэний төрлөөс алим, лийр, чавга, самар зэргийг голлон тариалдаг. Бээжин хотын тариалан, ой мод, мал аж ахуйн нийт үйлдвэрлэлийн өртөг 2006 онд 17 тэрбум 658 сая юань болж, энэ салбарт ажил эрхлэгч хүн ам 712 мянгад хүрчээ.
Аж vйлдвэр
Шинэ Хятад улс чөлөөлөгдөхөөс өмнө тус орны аж үйлдвэрийн хөгжил сул дорой байсан. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараагаар, Бээжин хот нь аж үйлдвэрийг хурдацтайгаар хөгжүүлэн, өнөөдөр өөрийн гэсэн цар хүрээ, үндэс суурьтай, техникийн өндөр түвшинд хүрсэн хөгжлийг бий болгож чаджээ. Бээжинд металлург, нүүрс, механик, нефт, хими, цахилгаан эрчим хүч, нэхмэл, барилгын материалын үйлдвэрүүдээс гадна бусад олон төрлийн хөнгөн аж үйлдвэрүүд бий. Уламжлалт гар урлалын хувьд олон зуун жилийн түүхтэй бөгөөд уран нарийн хийцээрээ дэлхийд гайхагддаг. 2006 оны байдлаар Бээжинд нийт 27100 аж үйлдвэрт 2.205 сая хүн ажиллаж байсан байна. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ 201 тэрбум 702 сая юаньд хүрсэн.
Зам харилцаа:

Бээжин хот нь улсын нийслэл учир бvх Хятадын зам харилцааны төв юм.
Агаарын тээвэр- дотооддоо 40 гаруй агаарын шугамаар 70 гаруй хот руу нислэг хийж байна. Олон улсын 30 гаруй агаарын шугамаар 20 гаруй улс руу болон бүс нутгийн хотууд руу нислэг хийдэг ба агаарын нислэгийн 2 буудал байдгаас дийлэнх нислэг нь Бээжингийн “Нийслэл” нисэх буудлаар дамжин өнгөрдөг.
Төмөр зам- Бээжингээс Гуанжоу, Шанхай, Харбин, Бугат, Тай Юан, Чин дау, Чин Хуан Дао, Жэ Жиэн рүү хүрэх найман гол шугамтай.Төмөр замын нийт урт 1069 км. Нийтдээ галт тэрэгний 4 буудал байдаг нь Бээжингийн вокзал, Бээжингийн баруун вокзал, Бээжингийн урд вокзал, Бээжингийн хойд вокзал юм. Эдгээрээс Бээжингийн вокзал, Бээжингийн баруун вокзал нь маш олон чиглэлд явдаг. Мөн та хаашаа ч явсан аль вокзалаас явахыг маш сайн асууж лавлах хэрэгтэй, эс тэгвээс эндүүрэх тохиолдол олон гардаг.
Бээжин хотын зам харилцаа нь төвөөсөө тэгш өнцөгт хэлбэртэй 6 тойрогтой. Бусад хот муж руу 12 салаа холын замууд байдаг. Бүх чиглэлд нийтийн чиглэлийн автобус зорчдог ба автобусны үнэ нь 1-5 юань байдаг.
Такси- 10 юаниас эхлэх ба 1 км явах бүрд 2 юанаар өсдөг. Шөнийн цагт буюу 11 цагаас хойш энгийн үеэсээ 20%-ийн нэмэгдэлтэй үйлчилдэг. Мөн Бээжингээс Сижиажуан, Чанпин, Кайфэн хvрэх, Бадалин, Мүтианюү зэрэг рүү хvрэх авто зам засаж өргөтгөн байгуулсан. Бээжингээс Тианжин, Таншан, Сижиажуан, Шэн Яан, хотын төвөөс нийслэлийн нисэх онгоцны буудал, Бадалин хүрэх хурдны замтай. Засмал замын нийт урт 12 мянга 500 км.
Метроны нийт 1, 2, 8 ,13 гэсэн 4 шугам байдаг ба метро нь өглөө 5 цагаас орой 11 цаг хүртэл ажилладаг. Үнийн хувьд 1, 2-р шугамын метроны тасалбар нь 3 юань, бусад метроны шугам руу шилжих бол тасалбар нь 5 юань байдаг.
Соёл боловсрол, шинжлэх ухаан технологи, эрvvл мэнд:
Бээжин хот нь Хятад улсын хамгийн том шинжлэх ухаан, соёл боловсролын төв юм. Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Бээжингийн багшийн их сургууль зэрэг 63 их дээд сургууль болон 118 тусгай мэргэжлийн сургууль, 752 ерөнхий боловсролын дунд сургууль, 173 тусгай мэрэгжлийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг.
Бээжинд Хятадын шинжлэх ухааны академи, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг судалгааны байгууллага болон Техник хөгжлийн судалгааны байгууллага, Судар бичгийн судалгааны байгууллага зэрэг нийт 499 соёл шинжлэх ухааны байгууллага байдаг. Yүнд байгалийн шинжлэх ухааны салбарын байгууллага 413, нийгмийн шинжлэх ухааны салбарын байгууллага 54, шинжлэх ухаан технологийн мэдээлэл, судар бичгийн байгууллага 32 байна.
Нийгэм эрүүл мэндийн байгууллага 5722 байдаг ба үүнд 676 эмнэлэг байдаг. Эмнэлгийн байгууллага нь оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдсэн байдаг тул манай монголчууд олноор Бээжин хотод очиж эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг.

No comments:

Post a Comment