Wednesday, January 12, 2011

Caйхан жил, Муухай жил

Нийтийн он тооллын нэгэн он өнгөрлөө. Бай­даг л жил, манай эриний өмнөх 1000 онд ч байсан, манай үеэс хойшоо 1000 жилийн дараа ч байх тийм л мөчлөг.

Дэлхийн наранд хамгийн ойр дая­лах мөртлөө хойд хагаст нь өвөл болдог тэр л байрлал. Мөрөөрөө урсах он жилүүдэд сайхан ба муу­хай гэх нэрийг бид л өг­дөг. Хүмүүс өөрсдөө сай­хан муухай яваагаасаа, сайн ба муугаар төсөөлс­нөөсөө болоод жил гари­гийг ээлтэй ээлгүйгээр нь дуудсаар ирсэн юм. Хоо­рондоо алалдаж алалд­чихаад тэр цаг үеэ дайн дажин авчирсан он жи­лүүд гэж нэрлэнэ. Өөрт хожоо гараагүй цагийг хоосон ядуугаар нь дууд­на. Чи өчигдөр хожиж болсон юм, өнөөдөр тэр хожиж болно оо доо. Өчиг­дөр чиний ялах ээлж таарахад олон таван үг­гүй ингэх л учиртай юм шиг хүлээн авч байсан даа. Өнөөдөр өрсөлдөг­чийн чинь ялах ээлж ирэ­хэд "ингэх ёсгүй" мэт юунд гасалдаг нь юу билээ. Төгс бус юм зөндөө. Бидний оршин буй сан­сар угаасаа тийм бүтэц­тэй. Бидний үйлийн үрийн хэмжээ төгс орших бол­золд хүрээгүй учраас зов­лон-жаргал хэмээх хоёр талтай орчлонд төрсөн. Гэхдээ ихэнхдээ "шударга бус"-ын тухай бидний тө­сөөлөл өөрөө шударга бус учраас тийм санагдаж байгаа юм. Уралдсан зуун чавганцын зөвхөн нэг нь л "шударга урал­даан боллоо" гэж бодно. Хоёрт орсон хөгшинд ба­риа яльгүй холдсон, эсвэл ойртсон гэх дургүйцэл үүснэ. Нарийн яривал үлдсэн 99-д нь ядаж л "уралдааны зам зо­хис­гүй" байсан талаархи гом­дол үлдэнэ. Бид насан туршдаа жаргал эрсээр, хайсаар дуусдаг. Өнгөрсөн хойно залуу байсан, хүүхэд бай­сан бүх юм жаргалтай санагдана. Өнгөрсөн хой­но сайхан байсан нь мэ­дэгдвэл юуных нь жаргал байх юм бэ. Янаг амра­гийн явдал дуусаад олон жил болсны хойно ор­газм нь болсон мэт бо­догдвол ямар байх билээ. Жаргалтай байна гэж бодох л өөрөө жаргал шүү дээ. Өглөө босоод тэнгэр харж "Мөн сайхан өдөр болох нь ээ" гэж сэтгэл сайхан болох, зү­гээр л инээмсэглээд зө­рөх, баяр­лаж талархсан сэт­гэл нүдэнд дээр нь асах хүнд "Зүгээрээ хө, миний оронд чи байсан бол бас л ингэх л байсан шүү дээ" гэж хөөр дүүрэн хэлэх, хэдэн найзууд цуг­лаад ирэх зун цөмөөрөө тий­шээ явцгаая гэж хөөрөл­хөөд, үнэхээр л тэдэн­тэйгээ орчлонгийн сайх­ныг үзэн нүд сэтгэл бая­саж яваа мэт болоод ирэх, саяхан боссон ба­рил­гыг "Яасан сайхан байшин бэ" гэж бахдах, дэлгүүрт ороод "Ямар гоё дэлгүүр вэ" гэж бая­сах... ердөө л энэ шүү дээ. Оройд нь хүршгүй аз жар­гал гэж хаа байгаа юм бэ? Чамаар дүүрэн л бай­на шүү дээ. Зовлонтой байна гэж бодох л зовлон шүү дээ. Зовлон гэдэг нь... өглөө босоод "Энэ тэнгэрийн байж байгаа царайг, өөд­лөхгүй бололтой" хэмээн гонсойх, аргагүйн эр­хэнд хүнд юм өгчихөөд "Хайран хөрөнгө минь нохойн хоол боллоо доо, энэнээс ч эргүүлж авна ч гэж байхгүй дээ" хэмээн гол харлах, инээсэн хүн хараад "Үхсэндээ инээ­сэн юм бол, аягүй бол намайг дооглож байгаа даа" хэмээн уурсах, сай­хан барилга хараад "Хү­мүүс ийм байшин бариад байхад миний байж бай­гааг" хэмээн гансрах, сай­хан дэлгүүр хараад өө­рөө тийм дэлгүүргүй гэж бодохоос үхмээр са­наг­дах...ердөө л энэ шүү дээ. Зовлон гаднаас ирээд, хэн нэгэн чамд учруулаад байгаа нь хаа­на вэ? Бахдан сайшааж бай­гаа юм болгоныг чинь чиний хүсэл мөрөөдөл юм байна гэж Бурхан ойлгоно. Чамд нэг л өдөр тэднийг бэлэглэх болно. Чи хүн баярлуулах дуртай юм чинь чамайг хаа ха­маагүй хүн ирээд баяр­луу­лах л болно. Хараад баярлаж байсан тэр ба­рилга, нүдийг чинь мя­лааж байсан дэлгүүрийг бурхан чамд бэлэглэх л болно. Учир нь чи түүнд дуртай байсан юм. Харин үзэн ядаж бай­сан юмыг чинь Бурхан чамаас ямагт зайлуулна. Чи өглөгт дургүй учраас хэн ч чамд өглөг өгөхгүй, Чи сайхан барилгыг үзэн ядсан учраас чамд сай­хан байшин хэзээ ч ног­дохгүй. Чи баян хүнийг үзэн яддаг юм чинь чамайг хэзээ ч баян болгож "зовоохгүй" нь лав. Тансаг дэлгүүр үзээд чи зовлонд учирч байсан болохоор тэнгэр чинь чамайг улам зовоохгүйн тулд тийм дэл­гүүртэй болох замыг ямагт тойруулна. Муу хүн энд ч байна, тэнд ч байна хэмээн бид бухимддаг. Санаа нь бол "сайн хүн болох миний бие оршин байгаа хор­воод муу хүн байгаа нь зохисгүй" гэсэн гаргалгаа. Үнэхээр муу хүн байдаг нь үнээн, гэхдээ муу хү­ний тухай бидний тодор­хой­лолт өөрөө төгс биш уч­раас илүү олон муу хүн байгаа мэт харагддаг нь бас үнээн. Муу хүн оршин байгаад бүү бухимд. Тэр ондоо нэг муу хүнээ да­рах гэж төрдөг юм. Дараа нь яах бол гэж үү? Өөр нэг муу хүн ирээд дараад өгдөг юм. Эргэн тойрноо хараарай, тийм л байгаа. Сайхан жил, муухай жил гэж угаасаа байхгүй. Чи яаж хүлээж авч бай­гаагаас л болж байгаа юм. Чи бусдын юмыг зү­гээр авч болно гэж боддог төдийгүй авдаг бол нэг л өдөр чиний юмыг бусад хүмүүс зүгээр авах л болно, харин тэр өдөр уйлахгүй байх чухалтай. Амьдралын агшин бү­рээ жаргал болго. Нэрс­ний үрээр чацаргана тарь­даггүй. Зовлонгийн үрээс жаргал ургахгүй. Жаргалын үрээс л жар­гал төрнө. Улам жарга­хын тулд, үрийн үрд жаргахын тулд одооноос жарга. Жаргалын үрийг хаанаас ч битгий хай, чамаар дүүрэн. "Ямар нэгэн зүйл хаа ч байхгүй бол тэр зөвхөн чамд л байгаа гэсэн үг" хэмээн гэгээн мэргэд сургасан юм. Чиний жаргалыг хэн ч булаахгүй, хэн ч хороох­гүй. Хүний зовлонг бу­лааж болдоггүйяа даа. Түүн шиг аз жаргалыг ч бас булаах аргагүй. Аз жаргал нь булаагдашгүй болохыг Гэгээрэх хэмээн буддистууд хэлдэг. Энэ зуур бидний сэт­гэлд хорвоог орхин одсон сайн сайхан хүмүүс минь санаанд бууж байгаа. Хагацал хэцүү, учирч баяссаны маань нөгөө тал нь юм шүү гэж ухаа­ран бодлоо ч хэцүү. Зуур­дын сансрын үндсэн дүрэм нь төрлөө орхих. Амьд бүгд түүний дотор Гэ­гээрсэн Буддагийн ээж ч, Шаг­жаамунь ч өөрөө үүнийг туулсан гэдгийг бодлоо ч хэцүү. Гэхдээ тэд маань энэ удаагийн өвчин зов­лон­той, түвэгтэй, магадгүй жаахан буруу эхэлсэн байж болох амьдралаа орхин дахин шинээр эх­лэхээр явсан юм. Баяр хөөр дүүрэн хорвоод хөг­шин байдлаар хэт удаан явах нь тээртэй санаг­даад, хүүхэд болж, дэгж дэрвэмээр санагдсан байж мэднэ. Тэд чамд туслах, чамайг хайрлах илүү боломжтой төрөл олох гэж явсан ч байж болно. Бид энэ орчлонд хэн хэнээ танихгүй мэ­дэхгүй төрөөд бие биенээ олж хайрлан, эцэг эхээс ч дутахгүй халамжаар бие биеэ өлгийдсөөр хорвоог үддэг тавиланг бодохуйяа хаана зангидсан хайр энэрлийн үр хөврөл, хэ­зээ тавьсан тангарагийн биелэл билээ хэмээн бо­догдохгүй байна гэж үү? Орхин одсон сайн сай­­хан хүмүүс маань дүрсгүй жаахан хүүхдийн дүрээр, эсвэл цаанаа л нэг сэтгэлд сайхан санаг­дах танил, андын төр­лөөр бидэнтэй үргэлж л уулзан учирч яваа. Бид харин таньдаггүй юм. Огт танихгүй мөртлөө үгийг нь сонсоод л баймаар, бүр дагаад явчихмаар, хамаг байдаг юмаа бэлэг­лээд баймаар хүн зөндөө л таардаг шүү дээ. Тийм ч учраас Бурхан Будда " урьд өмнөх тоолш­гүй олон төрөлдөө бид цөм хань ижил, ах дүүс, эх үр болж явсан барилдлагатай. Хүн бү­рийг чи садан төрлөө гэж бодон хайрлаж бай" хэ­мээн учирласан билээ. Ойр дотныхноо хайрла, тэд урьд урьдын сайхан хайраа үргэлжлүүлэх гэж учирсан юм. Огт танихгүй хүмүүсийг ч хайрла, бид бие биедээ хайртай явс­наа санахгүй л байгаа юм. Хорвоо үргэлж сайхан байсан. Галаар буцалж, галав юүлж байхдаа ч тэр. Үлэг гүрвэлийн сүүлчийн өдөр нь сүүн тэжээлтний эхний өдөр байсан юм шүү. Энэ хорвоод төрсөн жил ч сайхан. Ээлжээ дуусгасан нэг нь хэл ам­гүй буцсан байсан юм. Энэ хорвоогоос явах жил ч сайхан, ээлж нь ирсэн хэн нэгэнд зай чөлөө нь үлдэх юм.

Эх сурвалж: Өдрийн сонин. Нийтлэлч Б.Цэнддоо.

No comments:

Post a Comment