Thursday, October 6, 2011

Хувийн зохион байгуулалтаа хэрхэн сайжруулах вэ?

Эмх замбараагүй амьдрал таныг стрессүүлээд байгаа бол доорх тодорхой алхмуудаас нэг нэгээр нь хийж, цаашлаад өөртөө дадал зуршил болгоорой. Ямарвааг захаас нь барьж аваад хийвэл, амархан дуусна.
1. Амьдарч ажиллах орчноо цэгцэл. Зохион байгуулалттай байж сурах нь ч өөрөө бас зохион байгуулалт шаардсан ажил. Гэр, унтлагын өрөө, гал тогоо, оффис, компьютер, ажлын ширээ, шүүгээ, гар цүнх зэрэг “орон зай”-нууд үүнд хамаарагдана. Эндээс өөрт хэрэгтэй, болон хэрэггүй зүйлсийг ялгаарай. Цэгцлэнэ гэдэг нь зөвхөн цэвэрлэхийн нэр биш. Энэ нь олон эд дундаас “гараа нэг сунгаад” л өөрт хэрэгтэйгээ олж авч чадахуйц амархан, цаг хэмнэсэн зохион байгуулалттай болгохыг хэлнэ.
Жишээ нь: Хэрэв танд маш олон ном байдаг бол бүгдийг нь томоос нь жижиг хүртэл номын тавиур дээр өрчихвөл мэдээж цэгцтэй харагдана. Гэвч дараа нь та тэр дундаас түүхийн холбогдолтой номыг олохын тулд багагүй хугацаа зарцуулж, магадгүй зарим номыг нь өөр тийш нь түр тавих хэрэг гарах байх. Ингээд л таны түрүүнд нь өрж тавьсан номнууд буцаад замбараагүй болчихно. Үүний оронд бүх номнуудаа сэдэв болон агуулгын хувьд нь ангилаад, ангилал бүрт хамаарагдах номнуудыг тус тусад нь байрлуулвал хамаагүй амар. Хэрэв таны номын тавиур дээр тасалгаа байдаггүй бол ангилал бүрийн хооронд багахан хэмжээний зай үлдээж өрснөөр зааглаж болох юм. Гэрийн эд хогшил, оффисын баримт бичиг, хувцасны шүүгээний хувьд ч мөн адил. Ижил төрөлд хамаарагдах зүйлсийг ангилж ялгавал хэзээ ч танд юуг хаанаас эрэхээ мэдэхгүй, сандрах явдал тохиолдохгүй.
Гэхдээ хэтэрхий нарийвчлан ангилвал, харин ч замбараагүй харагдахаас гадна, ангилахад ч, олоход ч илүү их цаг зарцуулагдана. Ерөнхий нэг эд зүйлсийг 2-3 түвшинд ангилахад хангалттай. Түүнээс гадна, дэндүү олон категори хараад хүний толгой эргэх нь элбэг. Компьютерт байгаа зурагнуудыг ажил хэргийн, өөрийн, гэр бүлийн гэж ялгахад болох байтал дотор нь ахиад хэд хэдэн задаргаа хийчихвэл дараа нь нэг зураг олохын тулд нилээн хэдэн минутыг зарцуулах нь дамжиггүй. Ангилал болгоныхоо хажууханд шинээр эд зүйл нэмэхэд зориулагдсан хоосон зай үлдээвэл сайн.
Зарим зүйлсийг тодорхой нэг ангилалд нь хамааруулж тавихын оронд гарын доор, өөрт ойр байлгасан нь дээр юм. Жишээ нь та үргэлж хэрэглэдэг үзгээ, бичиг хэргийн шүүгээнд хийчихвэл байн байн гаргаж ирж, буцааж хийхэд цаг орно. Давсыг перец болон бусад амтлагчны саванд хийснээс, ширээн дээр ил байлгаж байх нь дээр юм.
Бүхнийг цэгцлэхийнхээ өмнө эхлээд хэрэггүй зүйлсийг гаргаж хаяхаа мартуузай. Тэгвэл та хий дэмий эд хогшлыг ч бас цэгцлэх гэж цаг алдах шаардлагагүй болно. Таны хаях ёстой зүйлсийн жагсаалтанд зай эзлэхээс цаашгүй, огт хэрэглэгддэггүй эд юмс, хуучирсан зүйлс багтана. Мөнгө төлсөн болон авсан баримтуудыг бүгдийг нь тусад нь нэг газар цуглуулж байгаарай.
2. Буцааж тавь. Яг одоо. Саяхан хүч хөдөлмөрөө зарцуулж, цэгцтэй болгосон зүйлсээ тэр хэвээр нь хадгалахыг хичээгээрэй. Ингэхийн тулд та хаанаас ч юуг ч авсан бай,тэр дор нь буцаагаад байранд нь тавьж занших ёстой. Хаа тааралдсан газраа үлдээхээ болигтун. Дараа нэг өдөр та л өөрөө түүнийгээ цэвэрлэнэ шүү дээ.
3. Календаранд найд. Нүдэнд тусахуйц газар календарь байрлуул. Хөргөгч, ширээ, эсвэл компьютерийн дэлгэц ч байсан болох юм. Түүн дээрээ тайлан өгөх сүүлийн хугацаа, илтгэл тавих өдөр, гэрлэсний ойн баяр, хүүхдийн эцэг эхийн хурал зэрэг чухал өдрүүдийг санасан даруйдаа тэмдэглэчих. Тэгвэл танд ямар нэг юмнаас хоцрох явдал тохиохгүй.
4. Төлөвлөгөөний дэвтэр хөтлө. Хэрэв та төлөвлөгөө хөтөлж заншсан бол баяр хүргэе! Хэрэв заншаагүй бол, төлөвлөгөөний ач тусыг биеэрээ мэдэрч үзэхийг аминчлан гуйя. “Цаасан дээр буулгаж бичихээс нааш тэр өдрийн ажлыг бүү эхлүүл” гэдэг үг бий. Цаг минуттайгаар, хийх ажлаа төлөвлөх нь таныг онцын шаардлагагүй дэмий зүйлд цаг алдахаас сэргийлж, ажил амьдралынхаа тэнцвэрийг барихад онцгой их нөлөөлнө. Ялангуяа ажилдаа дарагдаад, өөртөө цаг гаргаж чаддаггүй хүмүүс нарийвчилсан төлөвлөгөө гаргаж эхэлмэгц, сул цаг ямар их гардгийг хараад бүр гайхах вий. Өдөр бүр хийх зүйлсийнхээ жагсаалтанд 5-аас илүү чухал ажлыг оруулах хэрэггүй. Заримыг нь дараа өдөр нь хий. Та хоёр л гартай хүн шүү дээ. Өдөр тутмынхаас гадна, ням гариг бүрт дараа долоо хоногийнхоо нэгтгэсэн төлөвлөгөөг гаргачих. Цаашлаад сарын, жилийн, амьдралын төлөвлөгөөг ч энэ мэтээр гаргаарай.
5. Ижил төрлийн жижиг ажлуудыг нэг дор хий. Хүмүүс рүү утсаар ярьж, ямар нэг зүйлийн талаар дуулгах хэрэгтэй бол бүгд рүү нь дарааллуулж, нэг дор залга. Утасны төлбөр, байрны мөнгө зэргийг нэг дор тушаа. Хүнсний ногоогоо нэг дор цуглуул.
6. Жижиг зүйлийг өөр хүнд даалга. Бүгдийг өөрөө хийх гэж зүтгэх нь ажлыг цалгардуулахаас цаашгүй. Зарим чухал бус зүйлийг өөр хүнд даалга. Гэхдээ тэр хүнд таны даалгасан зүйлийг хийх нөхцөл бололцоо нь бүгд бүрдсэн эсэхийг шалгаарай. Нөхрөөсөө хүүхдээ цэцэрлэгээс нь авахыг хүсч, нарийн бичгээр хүмүүс рүү утсаар яриулах ажлыг хийлгэж болно. Хүүхдээрээ тоос арчуулж, дүүгээрээ гэртээ байгаа баримт бичгийг авчруулаарай. Тэд бүгд танд тусалсандаа баяртай байх ёстой тул эелдэг занг мартаж болохгүй.
7. Шийдвэр гаргаж сур. Заримдаа олон ажил нэг зэрэг давхцах нь тэдгээрийг тухайн үед нь шийдвэрлэж чадалгүй хойшлуулсанаас үүдэлтэй байдаг. Тиймээс цагийн юмыг цагт нь хийгээд сурчихвал, таны өмнө хэрээс хэтэрсэн ажлууд нэг дор овоорохгүй. Ихэнх зүйлийг хойшлууллаа гээд амархан болчихгүй, харин ч улам хүндэрдэг учраас илүү шийдэмгий байгаарай.
Эх сурвалж: Гоолингоо.мн

No comments:

Post a Comment