Saturday, January 28, 2012

Хүний амьдралын зарчим гэж юу вэ? (миний бодлоор)


Зарчим төвтэй амьдрал- Миний мөрийн хөтөлбөр
Хүн бүрт өөрийн зарчим гэж бий. Өмнөх бичсэн бичлэгээ уншсан чинь асуултууд болон эргэлзээнүүдийнхээ хариултуудыг олчихсон бололтой. Өөрөөр хэлбэл яавал сэтгэл ханамжтай байх вэ? Яавал сэтгэл ханамжийг хамгийн удаан эдлэх вэ? Ерөөсөө л зөв зарчмыг удирдлагаа болгож амьдрахад л хангалттай. Учир нь тэр зарчмууд чинь олон хүний амьдралаар шалгарсан батлагдсан, амьдралын чинь багш мөн байх болно. Ингээд өөрийн зарчмыг сийрүүлье.
Өөрийнхөө зарчмыг би 4 сарын өмнө өөрийнхөө амьдралд гүйцэтгэж байгаа үүрэг роль бүрийнхээ хувьд ямар байх талаараа бичиж байлаа. Гэтэл түүнийгээ сая уншсан чинь би аав ээжийнхээ өмнө, хүүхдүүдийнхээ өмнө, нөхрийнхөө өмнө, ажлынхаа өмнө, удирдлагынхаа өмнө би сайн хүн л байвал болох юм байна гэдгээ ойлголоо. Тэгэхээр сайн хүн байх зарчмыг л өөрийнхөө хувьд бий болгох хэрэгтэй гэдгээ маш сайн ойлголоо. Санаа сайн бол заяа сайн, сайн санааны үзүүрт шар тос гэдэг үгийг тунгаан амжилтынхаа түлхүүрийг тодорхойлох хэрэгтэй болов уу.
Хүн шиг хүн байна гэдэг хэцүү, сайн хүн байна гэдэг бүр хэцүү. Харин хүн шиг хүн байх зарчимыг 100% баримтлах нь 98% баримтлахаас хэцүү биш. Тэгэхээр та зарчим бол зарчим гэдгийг сайн санаарай. За тэгээд альваа зүйлд ашигаас илүү зарчим нэн тэргүүнд байх хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл сэтгэл зүрхээ сонс, битгий ашгийг хар.
1.       Би шударга, хариуцлагатай байна. Шударга, хариуцлагатай хүн хэзээ ч хүнд саад болдоггүй. Шударга, хариуцлагатай хүнийг бурхан хэзээ ч шийтгэдэггүй. Худал хэлэхгүй, хулгай хийхгүй байх нь хамгийн эхний шаардлага. Энэ амархан сонсогдох боловч бас болгоомж хэрэгтэй. Худлаа хэлэх гээд байвал бүр болохгүй бол юу ч ярихгүй бай. Яваандаа үгүй гэж хэлдэг бол. Хулгай хийх гээд байвал боль доо чи, чи юугаар дутлаа гэж ингэх вэ дээ гэдгээ л сайн бод. Чи хулгай хийгээгүйч, харин хулгайн юмыг чамаар заруулах гэвэл яах вэ? ??? Үгүй гэдгээ л хэл.
2.       Тэгээд цаашилбал эх оронч байх хэрэгтэй болов уу. Би өмнө нь эх орон гэж тэгэж их боддоггүй байлаа. Хариуцлагатай байх бол хамгийн том эх оронч зан, түүний илрэл гэж боддог байлаа. Тэгээд мод тарих, уул усаа хайрлах зэргийг боддоггүй байлаа. Гэтэл эх орон гэдэг маань миний хүү, охин, тэдний хүү, охин гэдгийг ойрын үед сайн ойлгох боллоо. Эх орондоо тарьсан нэг мод, нэг дусал усны хэмнэлт ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт. Эх орноо худалдаж, эх орноо сүйтгэж олсон амжилт буцаад 200 жилийн дараа дахиад л миний хүүхдүүдийн толгой дээр буух тул эх орноо хайрлах хэрэгтэй гэдгээ ойлголоо. Гэтэл зарим нэг зүйл дээр зөрчил үүсээд байх юм. Жишээ нь би одоо уул уурхай хийж байна, өчнөөн хүний уушгийг устгаж байж орлого олж түүнийгээ борлуулсан орлогоосоо татвараа багаар төлж байна. Үүнийг яах ёстой вэ?? Энэ байдлыг би уул уурхайгаас гарснаар шийдэж чадах уу? Огт үгүй. Тэгэхээр энэ байдлыг нарийн учрыг нь олох л хэрэгтэй.
3.       Альваа хүнд хүндэтгэлтэй хандах. Хүндэтгэлтэй хандаж байж л хүндлэлийг амсана. Архинд орсон нэгнийгээ шоолж битгий инээ, Аяа аав чинь ч байж мэднэ гэдэг шүү дээ. Та хүн бүрт хүндэтгэлтэй хандаж чадвал, таны хүүхдүүд хүртэл танаас суралцана. Таны эцэг эх чинь хүртэл баярлана, тэднийхээ ачийг хариулж байгаа шүү дээ.
4.       Өөртөө байнга зорилго, сорилт тавь. Өөрөөр хэлбэл та урсгалаар биш, амьдралыг сөрж амьдар. Энэ хорвоод та суралцах гэж  л ирсэн, харин амьдралыг сөрж байж л та суралцана. Мөн суралцахын тулд л амьдарлыг сөрж байгаа гэдгээ ухамсарлагтун. Тэгэхээр ном бол ертөнцийг харах цонх. Та сард 1 ном заавал унш. Мөн энэ жилийн таны зорилт бол Англи хэл. Таны мэдэлд байгаа 12 сарын 1 сар нь хэл сурах хэрэгтэй гэдгээ ухамсарлах гэсээр байтал өнгөрчихлөө.
5.       Таны амьдралд юу чухал вэ? Мөнгө үү? Амжилт уу? Гэр бүл чинь үү гээд бодохоор гэр бүл бол маш чухал тул гэр бүлдээ заавал тусгайлан тогтмол цаг гарга. Өөрөөр хэлбэл сард 1 удаа цаг гаргах бол ЗААВАЛ ШҮҮ.
6.       Мөн энэ амьдралд та амьдрах гэж ирсэн. Тэгэхээр та ч гэсэн маш чухал. Та өөрөө байхгүй бол ер нь дээрхи зарчим байх ч хэрэгггүй. Тэгэхээр та өөрөө өөрийгөө хайрла. Эрүүл мэндээ хайрла, гоо сайхнаа сайрла, сэтгэл зүрхээ хайрла. Тэгэхээр тогтмол спортоор хичээллэ, түүнийгээ хэвшүүл.

1 comment:

  1. Энэ зарчимыг хэрэгжүүлнэ. (заавал)

    ReplyDelete