Monday, April 11, 2011

"Бээжингээр аялах нь" номын тухай


Энэхүү ном нь Бээжин хотоор аялаггчидад тэдэнд хэрэгтэй бүхий л мэдээллийг эмхэтгэн гаргасан ном юм. Бид Бээжин хотын түүх соёлын дурсгалт газруудыг Хориотой хот, Тиан Ан Мины талбай, Цагаан хэрэм, Зуны ордон зэргээр төсөөлдөгч, эдгээрээс гадна олон зуун түүх соёлын үзвэрүүдтэй. Бээжинд үзэх зүйл маш их, тэдний төрөл зүйл маш олон учраас ч Хятаддаа түүх соёлын хамгийн их өв уламжлалтай хотуудын нэг яах аргагүй мөн юм. Энд олон арван бүрэн бүтнээр нь хадгалж авч үлдсэн сүм хийд, эртний цамхагууд байдаг ба тэдний орчин тойроныг маш сайхан цэцэгжүүлэн засварлаж авч үлдсэн байдаг. Тиймээс бид энэхүү номондоо хятад улсын иргэдээс гадна гадаадын иргэдийн олноор очиж үздэг гол гол түүх соёлын үзвэрийн тухайд монголчууд маань очиж үзээсэй гэсэн үүднээс товч танилцуулсан билээ.

Орчин үеийн Бээжин хот нь дээр дурдсан түүх соёлын үзвэрүүдээс гадна орчин үеийн өндөр өндөр барилгууд, дэлгүүр, зах, олон сайхан шөнийн үзэмжээрээ бид бүхний нүдийг булаадаг билээ. Тиймээс монголчууд бид Улаанбаатраас хөдлөхөөс авхуулаад буудаллах зочид буудлаа сонгох, Бээжинд очоод аль түүх дурсгалын газруудаар явж үзэн, ямар ямар дэлгүүрээс өөрсдийн хэрэгцээт бараагаа авч болох талаар, мөн амтат хоолны газар, анхилам цайны газрууд, Бээжингийн топ 10 сургууль, шилдэг эмнэлгүүд, залуучууддаа Бээжин хотын баар цэнгээний газруудыг ч мөн товч танилцуулахад гэмгүй боловуу гэж бодсон юм. Эдгээрээс гадна энэхүү номд маань онгоц галт тэрэгний цагийн хуваариуд, даатгалын компаниуд, анхаарах зүйлс, болон хамгийн хэрэгцээт 150 өгүүлбэр байгаа болно.

Түүнчлэн тухайн улсын түүх соёлыг илтгэн харуулдаг арвин баялаг үзвэртэй музей, урлаг соёлын газрууд, сүм хийдүүд, Бээжинчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг бүхий л газрыг энэхүү номдоо багтаахыг хичээсэн билээ.

"Бээжингээр аялах нь" ном маань Бээжин хотод зорчих Монгол хүн бүхний хамгийн сайн туслагч болж, уншигчдын ажил, цаг хугацаа, мөнгийг хэмнэхэд бага ч болов тус болох болно гэдэгт найдаж байна.

Одоогоор монгол хэл дээр Бээжин хотын тухай танилцуулсан эмхэтгэл хэвлэгдээгүй байгаа тул энэхүү эмхэтгэлээс цааш олон олон чанартай эмхэтгэлүүд гарна гэдэгт найдаж байна.

No comments:

Post a Comment